Хэрхэн амжилтанд хүрэх вэ?
Амжилтанд хүрсэн хүмүүс өөрсдийн бие махбодь болон оюун ухаанаа хэрхэн хөгжүүлэх ёстойгоо мэддэг бөгөөд амжилт гаргасан хүмүүс дараах дөрвөн дүрмийг амьдралдаа баримталдаг байна.
Нэг. Юу хүсэж байгаагаа маш сайн тодорхойлох.
Хоёр. Хүлээлгүй шууд хийж эхлэх.
Гурав. Хүссэн үр дүнд хүрээгүй тохиолдолд хаана ямар алдаа гаргаснаа мэдэх.
Дөрөв. Үр дүнд хүртлээ оролдлогоо уян хатан байлгах.
Өөртөө тодорхой нэг зорилго сонгох хэрэгтэй. Учир нь зорилгогүй бол ямар ч үр дүнд хүрэхгүй бөгөөд үр бүтээлтэй ажил өрнөхгүй нь ойлгомжтой. Шууд л ажилдаа ор. Онол практик хоёр хослох ёстой бөгөөд ажил хийх явцад амьдрал дээр юу болж байгаа, юу эс болж байгаа нь ил болж ирнэ. Хүмүүстэй байнга харилцаатай бай, хүмүүст ямар хандлага тань таалагдаж байгааг мэдэх хүртлээ зан байдал, хандлагаа өөрчил, ахин дахин хий, алдаанаасаа суралц. Гаргасан алдаа тань танд туршлага болно. Амжилтанд хүрсэн хүмүүс аргаа өөрчилж байх хэрэгтэйг мэдэрч чаддаг байна.
Бид өөрсдийгөө өөрчилж, хөгжүүлж чадвал хаана ч ажиллах чадвартай. Бүр чадахгүй гэсэн зүйлээ ч хийж чадна гэсэн үг. Харин чадахгүй байх гэсэн айдсыг бид өөрсдөө л бий болгодог. Хүмүүс амжилтанд хүрч чадна гэж өөртөө бат итгэлтэй болсон үедээ л бүх зүйлийг хийж бүтээж чаддаг. Тийм болохоор амжилт тохиодлоор бий болдоггүй.
Амжилт бүтээлээр дүүрэн, сайхан амьдарч байгаа болон өөрийн санасан бодсондоо хүрч чадаагүй хүмүүсийн хоорондын ялгаа нь, хонжворт сугалаанаас сая саяыг хождог азтай тохиолдол шиг гэнэтийн зүйл огт биш юм. Хүн болгонд өөрийн төлөвлөсөн , сайхан амьдралд хүрэх зам байдаг. Бидний зайлшгүй мэдэж байх ганц зүйл бол өөрсдийн бие махбодь, оюун ухаанаа хамгийн үр өгөөжтэйгөөр ашиглах явдал юм.
Хэрхэн амжилтанд хүрэх вэ?
Илүү хөдөлмөрлөж чадвал үр дүнд хурдан хүрнэ. Шаргуу хөдөлмөр нь амьдралд эрч хүч өгч байдаг бөгөөд хүмүүсийг эрт босгож, орой унтуулна. Хүмүүс илүү хөдөлмөрлөөгүй л бол хэзээ ч хүссэн гайхамшгийг бүтээж чадахгүй. Хүн илүү хөдөлмөрлөх явцад хүссэн зүйлдээ хүрэх арга барилтай болдог бөгөөд дараагийн шинэ санаагаа хэрэгжүүлэхэд дөхөм болно.
Итгэлтэй байж чадвал үнэ цэнээ ухаарч чадна. Зөв зүйтэй гэж итгэсэн бүхэн бүтдэг. Энэ нь тэдгээр хүмүүсийг бусдаас онцгой болгон, амжилтанд хүргэдэг. Зарим хүмүүс хэдийгээр шаргуу хөдөлмөрлөсөн ч чадах, чадахгүй хэмээн итгэлдээ хил хязгаар тавьснаар мөрөөдөл нь хэрэгждэггүй. Таныг барих ямар нэгэн зүйл байгаа бол амжилтанд хүрэхгүй. Таньд хамгийн гол нь итгэл байж хөдөлмөрлөх хэрэгтэй.
Бодлоготой байснаар амжилтанд тэмүүлнэ. Шаардлага нөхцөл байдал, мэдээлэл бүрдсэн байх нь хангалтгүй. Бодлого боловсруулна гэдэг нь бололцоог зохицуулж зохион байгуулалтай болгоно гэсэн үг юм. Ажлаа төлөвлөж зөв зохион байгуулсан бүх зүйл амжилттай болдог бөгөөд үр дүнтэй болж чаддаг.
Үнэт зүйлсээ эрхэмлэж байж ажиллах хэрэгтэй. Хувийн болон нийтийн ашиг сонирхолд нийцсэн үнэт зүйлс гэж заавал байдаг. Үнэ цэнэ нь бидний амьдралд юу чухал, юу чухал бус болохыг аяндаа харуулаад өгнө. Бид бүхэн амьдралын үнэт зүйлээ олж мэдэхийн тулд үнэн гэсэн зүйлдээ итгэлтэй байж чадвал тэр чинь таны үнэт зүйлс болж чаддаг ба түүнийхээ төлөө ажиллаж чадвал амжилтын гол түлхүүрийн нэг нь болно.
Эрч хүчтэй хөдөлмөрлөх нь амжилтын түлхүүр. Шаргуу хөдөлмөр, үнэт зүйлс нь бас л хангалттай биш. Бодол санаандаа боловсруулснаа амьдралд хэрэгжүүлэхийн тулд бие махбодь, сэтгэл санааны эрч хүч шаардлагатай. Эрч хүчгүйгээр хөдөлмөрлөнө гэдэг нь амжилтанд хүрэхгүй гэсэн үг. Хүн эрч хүчээ зөв хуваарилж чадвал амьдралын аливаа асуудалд хөл алдах нь бага байдаг бөгөөд нас тогтсон хойноо ч эрч хүч нь хэвээрээ байж чадна.
Сайн харилцаа тогтоож санасандаа хүрнэ. Бидний амьдрал соёлыг хөтлөн чиглүүлдэг хүмүүс бусадтай харилцаа тогтоохдоо ч сайн байдаг. Өөр итгэл үнэмшил, үзэл бодолтой байсан ч харилцаа тогтоон, нийцэх чадвартай байх хэрэгтэй. Өөрсдийгөө хязгаарлах хэрэггүй бөгөөд таньд бусадтай хамт байж, энэ харилцаагаа үргэлжлүүлэх хүсэл сонирхол байхгүй бол амжилтанд хүрч чадахгүй. Харилцаа тогтоохдоо нөгөө хүнийхээ санал бодлыг харгалзаж үзэх хэрэгтэй. Хэрэв ашиг сонирхлын зөрчилдөөнтэй байвал өөрийнхөө үзэл бодлыг тулган шаардаж, харилцаа тогтоож болохгүй. Эс тэгвэд дургүйд хүчгүй гэгч болж үр дүнд хүрэхэд саад болж мэднэ.

Бичлэг тандагч