Итгэлт хамба
Замбуу тив дээр хүний төрлийг Эрдэнэт гэгээн Итгэлт хамба олж ирээд 75 насыг зооглоод тэнгэрт гарсан энэ гэгээнтэн булшиндаа 75 жил унтаад 2002 оны 9-р сарын 10нд эргэн морилоод байгаа билээ.Нийтдээ цэнхэр нүдэн гариг дэлхий дээр минь та бидэнтэй хамт 156 насыг зооглоод байгаа билээ.Итгэлт хамба бол ялсандагын бясалгалын гайхамшигт үлгэр жишээ мөн.сэтгэхүйгээ ийм болтол жолоодож хөтөлсөн жинхэн нууц нь дотоод мөн чанартаа байдаг байна. Олон орны маш олон эрдэмтэн судлаачид энэхүү мөнх лагшинг судлахаар санал тавьдаг байна.2004 онд оросын Эрүүлийг хамгаалах яамны Шүүн магадлах эмнэлгийн судалгааны төвд олгосон юм. Москва хотоос тус төвийн мэргэжилтэн, нэрт эрдэмтэн Виктор Николаевич Звягин Улаан-Үдэд ирээд эрдэнэт мөнх лагшинг нягтлан үзэж бичлэг хийсний дараа зарим нэг эд эсийн шинжилгээ хийхээр Москвад аваачих зөвшөөрөл хүссэн. БОБШДХ-ны тэргүүн, хамба лам Дамба Аюшеев Итгэл хамбын тэргүүнээс унасан дөрвөн ширхэг үс, биеэс нь гуужсан дөрвөн грамм арьс, баруун хөлийнх нь хоёр дахь хуруунаас дөрвөн грамм хумс авч эд эсийн шинжилгээ хийх зөвшөөрөл олгосон бөгөөд хамбын үс нэгэнт унасан, арьс нь гуужсан байсан, харин хөлийнх нь хумсыг В.Н.Звягин доктор өөрөө хайчилж аваад шинжилгээнд өгсөн байна. Москвад аваачаад энэ эд эсийг шинжлэхдээ нэл ягаан буюу доод ягаан туяаны задлагаар шинжилж гарсан үр дүнг үзэхэд нийт хүн төрөлхтөн, эрдэмтэн судлаачдыг цочроосон ер бусын содон үр дүн гарсан билээ. Итгэл хамбын энэ ариун мөнх лагшингаас авсан эд эсийн судалгааны үр дүн амьд биеэс авсан эд эсийн шинжилгээний дүнтэй адилхан гарсан нь бүгдийг гайхалд оруулсан юм. Энэ мэдээлэл дэлхий даяар тарж олныг гайхуулсан билээ. Энэ удаагийн судалгаа нь эрдэнэт мөнх лагшинт Итгэл хамба газар дор 75 жил, газар доороос гаргаж ирээд хоёр жил судалсан боловч анхны шинжилгээний үзүүлэлт нь түүнээс хоёр жилийн дараа гарч ирсэн үзүүлэлттэй яв цав нийлж байсан төдийгүй бүхэлдээ амьд хүний биеэс авсан эд эсийн шинжилгээтэй тохирч байсан нь олон нийтийг шагшин гайхахад хүргэсэн билээ. Оросын эрдэмтэд энэ үр дүнд гайхаж аргаа барахдаа дэмий л гараа саваад орчин үеийн шинжлэх ухаан ийнхүү амьд эд эстэй адилхан үзүүлэлт гарч ирэх үзэгдлийг тайлбарлах чадваргүй гэдгийг хүлээн зөвшөөрсөн юм. Харин БОБШДХ-ны тэргүүн, 24-р хамба лам Дамба Аюшеев хамгийн энгийн эд эсийн шинжилгээг тайлбарлаж чадахгүй байгаа эрдэмтэд цаашдын судалгаа шинжилгээний нарийн ширийн зүйлийг яахин тайлж чадах билээ гээд хамбын ариун лагшинг дахиж оролдолгүй энэ хэвээр нь байлгая гэдэг шийдвэр гаргаж зохих үүрэг өгсөн байна. Ингээд хамба лам Дамба Аюшеев эрдэнэт ариун лагшинг бурхны шашинт нийт сүсэгтэн олонд шүтээн болгон мөргөл үйлдүүлж байхаар лүндэн буулгасан нь уламжлалт заншил ёсоор наран ивээлтэй өдрүүдэд (Дашнямтай өдрүүдэд) жипд найман удаа тохиодог өдрүүд юм. Ийнхүү 2004 онд БОБШДХ-ны шийдвэрээр Итгэл хамбын эрдэнэт ариун лагшинг Буриад зоны ариун шүтээн хэмээн нийтээр хүлээн зөвшөөрсөн билээ.
2005 оны гуравдугаар сард Иволгийн дацангийн ном судар дотроос Итгэл хамбын урд төрлийнх нь 12 үеийн намтрыг бичсэн судар олдсон. Өөрөөр хэлбэл, хамбын өмнөх амьдралын тав нь Энэтхэгт, тав нь Түвдэд, сүүлийн хоёр нь Буриадад хувилан төрснийг батлах судар олдсон юм. Эхний хувилан төрсөн бие нь бурхан Буддагаас өмнө Кашьяп хамбын үед буюу, өөрөөр хэлбэл, III бурхан багшийн үед аж төрж байсан гэж нотлогдсон. Харин хоёр дахь улаагаа хувилан төрсөн нь бурхан Будда Шагжимуны үед Энэтхэгт аж төрж байсан байна. Будда Шагжимуны дэргэд аж төрж байх үедээ тэрбээр Лицва хамба гэдэг нэртэй байсан бөгөөд бурхны гэгээн сургаал тархаагүй газар бүрт ариун гэгээн сургаалийг нь түгээнэ гэсэн андгай тангараг бурхан багшдаа өргөсөн аж. Хоёр дахь удаагийн хувилгаан төрлийнхөө үед буюу бурхан Будда Шагжимуны үед аж төрж байсан Лицва Сэнгэд зориулан босгосон суварга Бодьгаяад байгааг олж тогтоосон юм.
Хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн анхны их сургууль гэж нэрлэгддэг Энэтхэгийн Наландарын их сургуулийн 5:10 км-ийн өргөн талбай бүхий туурийн дунд Итгэл хамбын VI хувилгаан дүр болох Дармабалд зориулсан бичиг хадан дээр сийлээстэй байдаг байна.Өнгөрсөн долоон жилийн хугацаанд таван сая орчим мөргөлчин Итгэл хамбад ирж мөргөсөн бөгөөд эдгээр мөргөлчинг хүлээн авах болон хамбад мөргөх үеэр илэрч буй, анхаарал татсан гурван содон, гайхамшигт зүйлийг тэмдэглэн хэлэх нь зүйтэй гэж бодож байна. Үүнд:
Нэгдүгээрт, манай хамба нэг ч үг хэлээгүй байхад дэлхий нийтээр түүнийг мэддэг болж таван сая орчим хүн мөргөөд байна.
Хоёрдугаар гайхамшиг нь гэвэл, ирж мөргөнө үү гэж хамба өөрөө хэлээгүй, Оросын Бурхны Шашинтны Дээд Холбоо ч зарлаагүй байхад нийтээр ирж мөргөн залбирч байна.
Гуравдугаарт, сүсэгтэн олон ирж залбирч мөргөж байхдаа юу ч ойлгохгүй, юу ч мэдэхгүй байгаа атлаа энэ хүнийг огт мартахааргүй болдог уг уулзалт өөрөө үнэхээр гайхамшиг юм. Яагаад гэвэл ердийн амьдралын жам ёсоор бол бидний хэн нь ч энэ хүнтэй уулзахааргүй, цаг мөчийн хувьд ийм зүйл тохиох ёсгүй билээ. Учир нь энэ хүн 157 жилийн өмнө төрсөн, насны хувьд, цаг хугацааны хувьд түүнтэй уулзах ямар ч боломжгүй атал ийнхүү уулзаж буй нь өөрөө хамгийн дээд гайхамшиг болж олны сэтгэлийг татаж байгаа юм.Хамба лам Дамба Аюшеевийн айлдсан “Итгэл хамба бол хүн төрөлхтний өнөө үеийн энэ их бэрхшээл зовлонг нимгэлэхийн төлөөсөнд амь биеэ ийм байдлаар өргөж, бурхны шашны их үйлсэд өөрийгөө зориулан, сүсэгтэн олон, амьд бүхний тусын тулд асар их зовлон туулж, бодийг хөтлөх ном уншсанаар мянга мянга, сая сая хүний ариун шүтээн болсон энэхүү эрдэнэт лагшинг бидэнд үлдээсэн юм” гэсэн үгээр төгсгөмөөр байна гэжээ.
Энд нэг зүйл тодруулахад, манайхны Итгэл хамба хэмээн сүслэн мөргөдөг энэхүү гэгээн хутагтын нэр Итгэлийн Дашдорж хамба бөгөөд монголчуудын нэр цээрлэх ёсоор их хүний нэрийг хэлэлгүй цээрлэж, эцгийнх нь нэрээр “Итгэлийн хөвгүүн” гэсэн нь буриад дуудлагаар “Итигэлэйн хөвүүн” болж энэ нь яваандаа Итгэл хамба гэгдэх болжээ.

Бичлэг тандагч